Бидний тухай

ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБООНЫ ТУХАЙ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Олон Улсын Монголч Эрдэмтний анхдугаар их хурал 1959 онд хуралдсан юм. Монголч эрдэмтний анхдугаар их хурлыг зохион байгуулж хуралдуулах үйл хэрэгт манай ахмад үеийн академичид, тухайлбал: Ц.Дамдинсүрэн (1908-1986), Б.Ринчен (1905-1977), Ш.Лувсанвандан (1910-1983), А.Лувсандэндэв (1927-1997) нар онцгой идэвх зүтгэл гаргасныг зориуд онцлон тэмдэглэе. 1970 онд Улаанбаатар хотноо 24 орны 120 гаруй эрдэмтэд хуран чуулж, гадаад, дотоодын монгол судлаачдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор “Олон улсын монголч эрдэмтний их хурлын Байнгын Хороо”-г ШУА-ын дэргэд орон тооны бус бүтэцтэйгээр байгуулжээ. Олон Улсын Монголч Эрдэмтний 2-р их хурлаас 5-р их хурлын хооронд (1959-1987) Олон улсын монголч эрдэмтний их хурлын байнгын хороо ажиллаж, уг хорооны анхны ерөнхийлөгчөөр академич Б.Ширэндэв (1912-2001), Ерөнхий нарийн бичгийн даргаар доктор СЛувсанвандан (1932-1992) нар сонгогдон ажиллаж байв.

1987 онд 36 орны 230 гаруй эрдэмтэд оролцсон монголч эрдэмтдийн тавдугаар их хурлаас олон улсын хэмжээнд монгол судлалын үйл ажиллагааг дагнан тогтвортой явуулах эрхзүйн чадамжийг өргөжүүлэн, тогтмолжуулах зорилгоор “Олон Улсын Монгол Судлалын Холбоо” (ОУМСХ)-г санал нэгтэй байгуулсан бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 107 дугаар тогтоолоор ОУМСХ-ны нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулж, түүний бүтэц, зохион байгуулалт, цалин хангамж зэргийг тогтоосон байна. Түүний үндсэн дээр ОУМСХ өөрийн үйл ажиллагааны чиглэл зорилтыг тусгасан дүрмээ боловсруулж, их хурлаараа батлуулан мөрдсөөр иржээ.

1990 оны ардчилсан хувьсгалын дараахан ОУМСХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын бие даасан статусыг Засгийн газрын 1991 оны 283-р тогтоолоор баталгаажуулж, улмаар тус Холбооны үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлж байх шийдвэрийг Засгийн газрын 1992 оны 12 дугаар сарын 30-ны хуралдаанаас гаргажээ. ОУМСХ нь янз бүрийн орны Монголч эрдэмтэд, Монгол судлалын төвүүдийг сайн дурын үндсэн дээр эвлэлдүүлсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болно.

ОУМСХ түүний нарийн бичигийн дарга нарын газар нь монгол судлалын үйл ажиллагааг олон улсын хэмжээнд тогтмол явуулж, 1988 оноос монгол судлалын Bulletin: News Information on Mongol Studies мэдээллийн цувралын 46 дугаарыг, 1990 оноос олон улсын эрдэм шинжилгээний Mongolica сэтгүүлийн 25 дугаарыг тус тус гаргаснаас гадна гадаад, дотоодын монголч эрдэмтдийн 40 гаруй бүтээлийг эрхлэн гаргажээ. Мөн тус нарийн бичгийн дарга нарын газарт Америк, Франц, Япон, ОХУ-ын монголч эрдэмтэд ирж 6 сараас бүтэн жилийн хугацаагаар ажиллаж байсан бөгөөд тэдний цалин хангамжийг улсын төсвөөс гаргадаг байв. Түүнчлэн олон улсын монголч эрдэмтдийн 5 удаагийн их хурлыг зохион байгуулсан бөгөөд нэг удаагийн хуралд дунджаар гучаад орны 400 орчим эрдэмтэд оролцож байлаа. Олон улсын монголч эрдэмдийн их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.

Эдүгээ тус Холбооны нарийн бичгийн дарга нарын газар нь гадаадын хорь гаруй орны монгол судлалын 40 гаруй төв, 300 орчим монголч эрдэмтэдтэй нягт харилцаатай ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хөхиүлэн дэмжих, шинэ мэдээллээр хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж байгаагаас гадна сүүлийн үед монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирлээ.

Сурталчилгаа